“Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төсөл

Зорилго

“Боловсролын дэлхийн түншлэл” байгууллагын буцалтгүй тусламжаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлэх “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийн санхүүжилтийн зохицуулагч байгууллагаар Хүүхдийг Ивээх Сан ажиллаж байна. Боловсролын салбарын тэргүүлэх гурван чиглэл болох “Тэгш хамруулан сургах боловсрол”, “Сургуулийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ” болон “Хосолсон сургалт”-ыг хөгжүүлэхэд энэхүү төсөл нь санхүүгийн болон техникийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх бөгөөд эдгээр чиглэлүүдээр боловсролын салбарт хөрөнгө оруулж буй Японы Олон улсын Хамтын Ажиллагааны байгууллага (ЖАЙКА), БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (КОЙКА), Хүүхдийг Ивээх Сан болон Монгол дахь хөгжлийн бусад түншүүд төслийг дэмжин ажиллаж байна. Энэхүү төсөл нь тэгш хамруулах замаар боловсролын хүртээмж, чанарыг сайжруулах зорилготой юм.

Төслийн зорилтот газар

Төслийн үйл ажиллагаа

Зорилтот ерөнхий боловсролын сургуулиудын хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах орчин нөхцөлийг бүрдүүлэх, тэднийг суралцахад дэмжлэг үзүүлэх чадавхыг нэмэгдүүлж, хоол тэжээлийн тэнцвэртэй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан сургуулийн үдийн хоол үйлдвэрлэх аюулгүй орчныг бүрдүүлэх, нийгмийн эмзэг бүлгийн, хангалттай үйлчилгээ авч чадахгүй байгаа хүүхдүүд болон хоол тэжээлийн тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн хоол тэжээлийн байдлыг сайжруулахаар зорьж байна. Түүнчлэн хосолсон сургалтыг хэрэгжүүлэх бодлого, зохицуулалтын тогтолцоог сайжруулж, нөхцөл байдалд тохирсон хосолсон сургалтын загварыг бий болгож, зорилтот сургуулиудад туршихаар ажиллаж байгаа юм.