“ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ТӨСӨЛ ҮРГЭЛЖИЛНЭ.

“ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ТӨСӨЛ ҮРГЭЛЖИЛНЭ.

“Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хоёрдугаар шатыг хэрэгжүүлэх санамж бичигт Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газар, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-гийн Монгол дахь Суурин Төлөөлөгчийн газар болон Хүүхдийг Ивээх Сангийн холбогдох албаны хүмүүс 2018 оны 6 сарын 29-ний өдөр гарын үсэг зурлаа.
ЖАЙКА-гаас санхүүжих энэхүү төсөл нь 2018 оноос 2022 оны хооронд хэрэгжих бөгөөд энэ хугацаанд Улаанбаатар хотын Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн 9 хороо, Архангай аймгийн гурван сум, нэг баг болон Дорнод аймгийн хоёр сум, нэг багт хэрэгжинэ.
Төслийн хүрээнд дараах үйл ажиллагааг хийнэ.
1.    Хүүхдийн эсрэг хүчирхийлэлд хариу үйлдэл/үйлчилгээ үзүүлэх хамтарсан багийг чадавхжуулах сургалтын хөтөлбөрийг боловсруулж, холбогдох сургалтуудыг зохион байгуулна. Хамтарсан багийн гишүүдэд ажлын байран дээрх зөвлөгөөг тогтмол өгч, хүчирхийлэл дарамтад өртсөн хүүхэд, гэр бүлд үйлчилгээ үзүүлэхэд дэмжинэ.
2.    Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, гэр бүлд хамгааллын үйлчилгээ үзүүлэх зорилтот орон нутгийн хамтарсан багийн гишүүдийг мэргэжлийн үйлчилгээг үзүүлэхэд дэмжлэг үзүүлэх кейс менежментийн үйлчилгээний сургалтын хөтөлбөрийг боловсруулж, сургагч багш нарыг бэлтгэнэ. Бэлтгэгдсэн сургагч багш нар нь төсөлд хамрагдсан сум, баг, хорооны хамтарсан багийн гишүүдэд сургалтыг явуулж, мэргэжлийн аргазүйгээр дэмжинэ.
3.    Төсөлд хамрагдсан сум, баг, хорооны эцэг эх/асран хамгаалагчдад хүүхдээ хэрхэн эерэг аргаар хүмүүжүүлэх арга барилыг зааж сургаж, зөвлөгөө өгнө. Төлөвлөгөө ёсоор 1000 гаран эцэг, эхчүүдэд 27 орчим цагийн агуулгын багтаамжтай, 9 удаагийн цуврал сургалтад хамруулах болно.
4.    Хүүхэд хамгааллын талаарх иргэд, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх нөлөөллийн ажлуудыг хамтарсан багийн өөрсдийн санаачлага оролцоонд тулгуурлан зохион байгуулахыг дэмжин ажиллана. Энэ хүрээнд хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл болон холбогдох бусад асуудлаар ойлголт нэмэгдүүлэх, нөлөөллийн материал, мэдээлэл боловсруулах бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдрийг жил бүр кампанит ажлыг үндэсний хэмжээнд явуулна.
5.    Төслийн хамтрагч талууд хүүхэд хамгааллын тогтолцооны тогтвортой байдлыг хангах зорилгоор, хамтарсан багийг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь сайжруулахад нөлөөлөхүйц тодорхой бодлого шийдвэрүүдийг гаргахад хамтран ажиллана.
6.    Хамтарсан багийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэхийн тулд салбар дундын болон олон талт хамтын ажиллагааг талуудын дунд бэхжүүлэх зорилгоор туршлага солилцох уулзалтуудыг хийх, хяналт шинжилгээ, мэргэжлийн удирдлагаар хангах зэрэг зохион байгуулалтад төслийг хэрэгжүүлэгч талууд хамтран ажиллах болно.


Уг төслийн нэгдүгээр үе шат 2015-2018 онд амжилттай хэрэгжсэн тул санхүүжүүлэгч байгууллагаас үйл ажиллагааг дахин үргэлжлүүлэхээр дэмжсэн ба төслийн үр дүн болон дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор үзнэ үү: https://www.savethechildren.mn/mn/page/jica


Түгээх: