Хүүхдэд үзүүлэх сэтгэлзүйн анхны тусламжийн сургалт зохион байгуулагдлаа

Хүүхдэд үзүүлэх сэтгэлзүйн анхны тусламжийн сургалт зохион байгуулагдлаа

Хүүхдэд үзүүлэх сэтгэлзүйн анхны тусламжийн сургалтыг Хүүхдийг Ивээх Сангаас 2018 оны 6-р сарын 12-13–ны өдрүүдэд Онцгой байдлын Ерөнхий Газар, Нийслэлийн онцгой байдлын газрын албан хаагчдад (аврагчид, эмч сэтгэл зүйчид, сургалтын мэргэжилтнүүд) амжилттай явуулж өндөрлөлөө.
                            
Хямралт нөхцөл байдлын улмаас хэтийдсэн их айдас, аймшигт үйл явдлыг үзэж туулсан, ялангуяа дотны хүнээ алдах зэргээс хүүхдүүдийн зан үйл, мэдрэмжид сөрөг өөрчлөлтүүд ажиглагддаг.
Хүүхдүүд өөрт нь тохиолдож байгаа эдгээр өөрчлөлтүүдийн талаар бусдад тайлбарлан хэлэх аргаа олохгүй байх, эсвэл түүнийг ойлгохгүй байх гэдгээс эмээдэг.
Сэтгэл зовоосон зүйлээс болж удаан хугацаанд үргэлжлэх сэтгэцийн өвчин ихэнх хүүхдэд үүсдэггүй бөгөөд сэтгэлийн зовуурь яваандаа арилдаг. Гэвч хүүхэд аль болох эрт зохих дэмжлэг авч чадвал хэвийн байдалд орох нь хурдан бөгөөд энэ нь урт хугацаанд үргэлжлэх сэтгэцийн өвчин үүсэх эрсдэлийг багасгадаг.
Хүүхдэд зориулсан сэтгэлзүйн анхны тусламж (САТ)-ийг гамшиг тохиолдох үед эсвэл гамшгийн дараа нэн даруй үзүүлнэ. Хүүхдэд САТ үзүүлэх энэ сургалтыг гамшигт өртөмхий газруудад гамшгийн бэлэн байдлын яаралтай арга хэмжээ эсвэл чадавх бэхжүүлэх ажлын нэг хэсэг болгох төдийгүй бэлгийн, бие махбодын, үл хайхрах хүчирхийлэлд өртсөн эсвэл осол аваарт орсон хүүхдүүд гэх мэт хүнд нөхцөлд буй хүүхдүүдтэй ажиллахдаа яаралтай авах арга хэмжээний нэг болгож хэрэглэнэ.
Тиймээс Онцгой байдлын Ерөнхий Газрын сургалтын албанаас өөрсдийн мэргэжилтнүүд, эмч сэтгэл зүйчид болон аврагчдын чадавхыг бэхжүүлэх зорилгын үүднээс хамтын ажиллагааны хүрээнд Хүүхдийг Ивээх Санд хандан тус сургалтыг авлаа.
Оролцогчид өөрсдийн мэдлэг чадвар, чадавх сайжирч, цаашид өөр өөсрдийн талбар ажил үүргийн хүрээнд хямралт нөхцөлд өртсөн хүүхэдтэй хэрхэн харьцах, юунд анхаарах зэрэг хэрэгжүүлж болохуйц аргазүй, мэдээллийг авлаа хэмээн онцоллоо.


Түгээх: